Monday, October 15, 2012

...

Өнгөрсөн шөнө навчисын аялсан гунигт дуу
Саарал өнгөтэй тэгээд зөөлөн байсан
Өөрийнхөө хэн болохыг мартчихаад
Чиний тухай мөрөөдөх хүйтэн байсан
Цонхоор намайг ширтэн суугаа
Цонхигор царайтай бүсгүйн
Гунигт харцанд нуугдсан
Гуниг бүхэн минийх байсан
Олон наст өвсны үндэс хөлдөх тийм хүйтэнд
Даарах тухай бодож амжилгүй ганцаар алхахад
Одоо би чамайг санахгүй гэх шиг
Одооных шиг тийм л хүйтэн байсан ...

Thursday, January 12, 2012

...

. Бүүдгэр тэнгэрийн хязгаарт нь хүрэх хүсэл тэмүүлэл гагцхүү шувуудад л байдаг байх, би тэр шувуудын далавчин дор нь шургаж муу багахан шунал тачаалаа зүг зүгийн салхинд хийсгэхсэн, ...яагаад би ганцаараа жаргах ёстой гэж.
... Өнөө өглөө мандсан нар нэг л ондоо, хэвлий дэх үр минь ээжийгээ сэргээхдээ хорвоогийн хаа нэгтээгээс даллах шиг, алтны төлөө биш амьдралын төлөө тэмцээсэй... бурхад минь
... Яагаад би ганцаараа жаргах ёстой гэж... чимээгүйхэн шивэрч эхлэсэн бороо хэзээ зогсохоо мэдэхгүй зүсэрэхэд тэнгэрийн хаяа бүүдгэр хэвээрээ л... тэнд бас шувууд байсаар л...
... Намайг инээмсэглэхэд сэтгэл нь гэрэлтдэг хэн нэгэн амраг минь намайг хаа нэгтээ хүний хүн болоод үлдсэнд итгээгүйдээ ахин дахин хайрт минь гэж дуудахдаа яг тэр бороо шиг уйлагнахыг хүссэн... тэнд би бас л ганцаараа жаргасан...
... Зүгээр л гуниг шаналал дүүрэн хорвоод жаргаж амьдардаг би хэн юм бэ?

Friday, December 16, 2011

Thursday, December 1, 2011

...

Түүний чинь уруул минийх шиг
Нимгэн биш болохоор
Чи гараас минь атгахдаа
Уруулыг минь хайдаг
Миний инээмсэглэлд
Түүний нулимас урсахад
Чиний уруул дэвтдэг
Тэр, чиний цамцанд шингэсэн
Танихгүй бүсгүйн үнэрийг
Минийх гэж мэдээгүй
Түүнд очих гэж яараагүй
Чиний гутлын хоншоор
Миний гудамны шалбаагт норсон
Миний инээмсэглэлд
Түүний нулимас урсахад
Чиний уруул
Намайг л хайсан
Тэгээд чи чимээ гаргалгүй алхсаар
Гутлын хоншоороо
Миний гудамны шалбаагт ахин дүрдэг...

Tuesday, November 22, 2011

Өнө мөнх...


Тунгалаг өглөөний нарыг хүлхэх
Хэт эртийн шаналан минь
Тодорхой гэгээн сарны
Хэзээ ч үл тасрах гэрэл минь
Зүрхний алтан хуудаснаа
Хөндүүр зовнилыг амтлуулах
Зүр гурхан салхины
Хамар цоргим сэнгэг үнэр минь
Зөрөөд өнгөрөхөд чинь
Гишгэх хөлийн чинь чимээг чагнамаар
Зөөлхөнөөр үс чинь намирахуйд
Гөлгөлж буй мод бүхэнд нэр хайрламаар
Санахын жаргал эдлүүлж
Өөр нэгэнтэй нүдэн дээр минь тэврэлдэх
Саруулхан дүрт
Өнө мөнхийн шүлэг минь...
  
                                /Түүний тухай тэр өөрөө л мэдэх байх... харин миний мэдэхээр тэр их сонин. Гэхдээ түүнд миний ч бусдын ч мэдэхгүй нэг тийм зүйл бий гэдэгт л би итгэдэг.../

Tuesday, November 15, 2011

...

Тэнд чи
Ертөнц гуниглуулсан
Нэгэн харцтай учраад
Тэр хаврын бороонд
Дусал болон шингэсэн
Тэнд би байгаагүй
Эгшин зуурт
Дэлбээгээ хумих цэцэгс
Нэгэн харцны
Учралыг хүсэмжлээд
Эргэж ирэхгүй хагдарсан
Эндээс би чамайг хайхгүй
Тэнд би
Бас нэгэн
Гунигт харцанд автаад
Тэр намрын
Навчистай хамт хийссэн
Тэнд чи үзэгдээгүй
Гарыг минь дулаацуулах гэж
Нэгэн харц
Өвлийг хүлээгээд
Олон олон мөчийг элээсэн
Эндээс чи намайг олохгүй...

Friday, October 28, 2011

Миний гишгэж уйлуулсан навчис...

Миний гишгэж уйлуулсан навчис
Чиний зүүдэнд нахиалсан
Аль нэгэн намрын салхинд
Хүслээ шивнээд
Өнөөдрийг хүлээсэн
Өнөөдөр
Магадгүй намайг л үнсэх гэж
Бороо шиврэх байх
Миний гишгэж уйлуулсан
Аль нэгэн намрын навчис
Миний хацрыг үнсэх гэж
Тэмүүлэх
Тэр бороон дусалтай хамт ирэх байх
Би навчист
Намарт
Салхинд
Тэгж л шивнэсэн...